НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилгод
ISO стандартуудын оруулах хувь нэмэр
НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн бодлого гэж юу вэ?
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) -аас 2015 онд дэлхийд хамгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж тусгасан 15 жилийн төлөвлөгөөг боловсруулсан. Дэлхийн Стандартчилалын Байгууллага ( ISO ) нь гишүүдээ ISO стандартуудыг хэрэглэх, олон улсын стандартчилалын үр ашгийг нэмэгдүүлэхийг дэмжих замаар НҮБ-ийн Тогвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ) – д дэмжлэг үзүүлдэг.
ISO нь эдийн засаг, байгаль орчин, нийгмийн бүхий л хүрээнд шууд анхаарал хандуулдаг. Тогтвортой Хөгжлийн Зорилгод хувь нэмрээ оруулахаар зорьж буй байгууллага, компаниудад олон улсын стандартууд сорилтыг давж, зорилгоо биелүүлэхэд нь туслах үр дүнтэй хэрэгсэл болдог.
ISO СТАНДАРТУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫГ БИЕЛҮҮЛЭХЭД ХЭРХЭН ТУСЛАДАГ ВЭ?
Тогтвортой Хөгжлийн Зорилго бол энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг арилгаж, эх дэлхийг хамгаалахад чиглэсэн төлөвлөгөө бөгөөд эх дэлхийн тогтвортой байдалд маш чухал гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь улс орнуудын засгийн газар, орон нутгийн удирдах байгууллага, бизнесийн байгууллагууд, аж ахуй эрхлэгч, хувь хүн гээд нийгмийн бүхий л элементүүдийг эх дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулахад уриалдаг. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд зөвшилцөл, хамтын ажиллагаа, шинэ санал санаачлага маш чухал байдаг. Тиймээс ISO олон улсын хамтын ажиллагаанд түшиглэж 22000 гаруй олон улсын стандарт болон холбогдох баримт бичгүүдийг боловсруулсан. Хамтын ажиллагаа, харилцан зөвшилцлийн үндсэн дээр ISO улс орнуудын засгийн газар, аж ахуй нэгж болон хэрэглэгч нарт Тогтвортой Хөгжлийн Зорилго тус бүрийн биелэлтэд хувь нэмрээ оруулахад нь туслах чухал ач холбогдол бүхий санал санаачлага, арга хэрэгслүүдийн суурийг бий болгосон юм.
ISO нь Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэхэд хамгийн чухал хувь нэмэр үзүүлэх стандартуудыг Тогтвортой Хөгжлийн Зорилго тус бүрээр боловсруулсан ба тэдгээр стандартууд нь техникийн шийдлүүдээс эхлээд тогтолцоонд хүртэлх бүхий л үйл явц, үе шатуудыг хамардаг.
ЗОРИЛГО 1. ЯДУУРЛЫГ УСТГАХ
БҮХ ГАЗАРТ БҮХ ХЭЛБЭРИЙН ЯДУУРЛЫГ ҮГҮЙ ХИЙХ
Хөдөө аж ахуйн салбараас эхлээд банкны салбар хүртэл эдийн засгийн үйл ажиллагааны бүхий л салбарт зориулсан шилдэг туршлагын платформыг бий болгосноор ISO олон улсын стандартууд нь хүнс болон нөөцийн тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой ажил эрхлэлтэд хувь нэмрээ оруулдаг.
Тухайлбал, ISO 20400, Тогтвортой худалдан авалтын заавар стандарт нь үйл ажиллагаа явуулж буй нийгэмдээ ашиг тустай, тогтвортой, ёс зүйтэй худалдан авалтын дадлыг бий болгоход нь байгууллагуудад тусалдаг. Энэхүү стандартад нийлүүлэлтийн сүлжээний туршид ёс зүйн үйл явцуудыг хэрэгжүүлэх зааварчилгаанууд багтсан болно.
ISO 37001, Авилгын эсрэг менежментийн тогтолцооны заавар стандартын шаардлагууд нь бизнес, засгийн газруудад шударга байдлыг бий болгох, авилгатай тэмцэх хүчин чармайлтад нь дэмжлэг болдог. Байгууллагуудад авилгын эсрэг соёлыг бий болгож өгснөөр дэлхийн олон орны ядуурлын гол шалтгаан болдог баялгийн томоохон цоорхойг багасгахад тусалдаг.
ISO-н боловсруулсан 337 стандарт нь Ядуурлыг устгах Зорилго 1-д туслахад чиглэсэн байдаг.
ЗОРИЛГО 2: ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ
ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООЖ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ.
ISO нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын 1600 гаруй стандартыг боловсруулсан ба тэдгээр нь хүнсний бүтээгдэхүүний салбарт итгэх итгэлийг бий болгох, хөдөө аж ахуйн ашиглагдах арга аргачлалыг сайжруулах, тогтвортой бөгөөд ёс зүйтэй худалдан авалтыг дэмжихэд чиглэсэн стандартууд байдаг.
Эдгээр стандартууд нь шим тэжээл болон аюулгүй байдлын үзлэг шалгалт, чанар, сав баглаа боодол, мөшгих боломж зэрэг бусад асуудлуудыг мөн хамардаг.
Хүнсний аюулгүй байдлын менежментийн ISO 22000 гэр бүл стандарт нь хүнсний салбарт онцгой анхаарч, байгууллагуудад хүнсний аюулгүй байдлын аюулыг тодорхойлох, хянахад тусалдаг бол ISO 26000 (нийгмийн хариуцлага) ба ISO 20400 (тогтвортой худалдан авалт) зэрэг холбогдох стандартууд нь хөдөө аж ахуйн ажилчддад зориулсан нийгмийн хариуцлагатай зан үйл, ёс зүйтэй ажлын нөхцлийг хөхүүлэн дэмжиж, хүнсний үйлдвэрлэлийн нийт сүлжээнд ёс зүйтэй худалдан авалтын үйл ажиллагааг дэмждэг.
Одоогоор какао шошны үйлдвэрлэлд зориулсан ISO 34101 цуврал стандартуудыг боловсруулах шатанд явж байгаа бөгөөд тус стандартуудаар какаоны шошны тариалалтын менежментийн тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлох юм.
Бид Тогтвортой Хөгжлийн Зорилго тус бүрийн биелэлтэд туслах гол гол стандартуудын талаарх товч мэдээллийг цувралаар оруулах болно.