ISO22000 нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын удирдлагыг хэрэгжүүлэхэд тусалдаг стандарт юм. Энэ нь олон арга зүй, хэрэглээ, зарчмуудыг нэгтгэж чадсан тул ойлгож, хэрэглэхэд хялбар бөгөөд зах зээлд хүнсний бүтээгдэхүүнээ таниулах, нэвтрүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулна.
ISO 22000 нь аливаа хүнсийг эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх амьдралын мөчлөгийнх нь үе шат бүрт аюулгүй байлгах, хүнсний сүлжээнд хэрхэн хадгалах талаарх суурь үзүүлэлтүүдийг багтаасан, хүлээн зөвшөөрөгдсөн Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны шаардлагуудыг заадаг олон улсын стандарт юм. Энэхүү стандартыг хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага ба иргэн хэрэгжүүлэх боломжтой. Тариаланч, малчид, фермүүд, хүнсний үйлдвэрлэгч, тээвэрлэгч, жижиглэн болон бөөний худалдаагчид, савлагчид, хадгалдаг агуулахууд, хүнсний худалдаа ба үйлчилгээ үзүүлдэг бүхий л үйл ажиллагаанд энэхүү стандартыг нэвтрүүлж болно.